Манжийн
дарлал
17-р
зууны үеэс Монголын хааны эрх мэдэл маш суларчээ. Сүүлийн хаан Лигдэн нь
Цахарын Лигдэн нэртэй болсон нь бүх Монголыг бус зөвхөн Цахарыг л удирдлага
доороо байлгаж чадсаны шинж юм. Ингэснээр Монгол нь олон ноёдын эзэмшил болон
хувирч, цэргийн нэгдсэн хүч гаргаж чадахгүй болжээ.
Энэ
үеэс зүүн зүгт Манжууд хүчирхэгжжээ. 1636 онд одоогийн Өвөр Монгол
Манжид дагаар оржээ 1691 онд Халхыг 1750 онд Зүүнгарын хаант улсыг Манжууд буюу Манж Чин улсын
захиргаан дор оруулжээ. Ингэснээр Монгол нь 1911 он хүртэл дараагийн 220 жилийн
турш Манж Чин улсын дарлалд оржээ. 1755 онд бас Баруун буюу Ойрад Монголыг
захиргаандаа авчээ.
Богд
Хаант Монгол Улс
20-р зууны эхнээс Чин
улс Шинэ засгийн бодлого гээч Гадаад Монголыг Хятадад нэгтгэх бодлогыг
хэрэгжүүлэх болжээ. Энэхүү бодлогыг эсэргүүцэн 1911 оны зун VIII Богд Жавзандамба
хутагтад бат-оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар
шийдвэрлэсэн монголын хаад ноёд, дээд лам нар Чин ван Ханддорж
тэргүүтэй төлөөлөгчдийг 8 сард Хаант Орос улсын Санкт-Петербург руу
илгээжээ. Энд Оросууд тусалцаа өгөх болно гэж шийдвэрлэж Монголд эргэн ирэхэд
нь Хятадад хувьсгал гарч, Чин улсын нөлөө, эрхшээл багасч байсныг далимдуулж
1911 оны 12 сард Хүрээний манж амбаныг Бээжин руу буцаажээ. Ингээд 12 сарын
29-нд Богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилж албан ёсоор
тусгаар тогтнолоо зарлажээ.
1913
онд Өвөр Монголыг шинээр тусгаар тогтносон Монгол улстай нэгтгэхээр цэргүүдийг
явуулсан ч, Хаант Орос, Дундад Иргэн Улс дарамт шахалт
үзүүлснээр цэргүүдээ татжээ. Иймд Монгол нь тусгаар тогтнолоо зарласан ч гэсэн
үнэн хэрэгтээ Хаант Орос, Дундад Иргэн Улсын шахалтад байснаар 1915 оны Гурван улсын гэрээнд
Монгол улсыг ДИУ-ын автономит болж тусгаар тогтнол нь устжээ.
Харин
Орос дахь Октябрын хувьсгалыг Хятадууд ашиглаж Монгол руу цэрэг илгээн 1919 онд
Монголын автономийг устгах гэрээг хүчээр зуруулжээ. Энэ нөхцөл байдалд Монгол Ардын Нам (МАН) байгуулагдаж, Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэхээр
болжээ. Энэ үеэр Барон Унгерн фон Штернберг
Хүрээг эзлэж, 1921 оны 3 сард дахин Хятадаас тусгаарлаж 7 сарын 6-нд хаант
засгыг байгуулж, хятад цэргүүдийг хөөжээ. Харин 1921 оны 7 сарын 6-нд МАН,
Зөвлөлтын цэргүүд Хүрээг эзлэж, шинэ засгийн газрыг байгуулжээ. Дараагийн хэдэн
жилүүдэд ЗОУ-ын нөлөө улам ихэсч, Богд хаан нас барсны дараахан 1924 оны 11
сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг
тунхаглажээ.
Бүгд Найрамдах Монгол
Ард Улс
Бүгд
Найрамдах Монгол Ард Улс нь ЗХУ-тай маш нарийн харилцаатай байжээ. 1920 ба
30-аад оны үед Зөвлөлтын нөлөөллийг эсэргүүцэж, илүү тусгаар тогтносон байдлыг
дэмжиж байсан Догсомын Бодоо, Солийн Данзан нар
нь эрх мэдлийн төлөөх тэмцэлд хохирогч болж алагджээ. 1928 онд Хорлоогийн Чойбалсан удирдагч болжээ. Тэрээр
хувийн өмчийг хурааж, шашинд дайсагнаж, 1937 оноос эхлүүлсэн Их Хэлмэгдүүлэлтэд
30,000 гаруй хүн алагджээ.
БНМАУ
нь Дэлхийн хоёрдугаар дайны үед
ЗХУ-д тусламж илгээж байсан ба 1939 оны Халх голын дайнд ЗХУ,
Монголын хамтарсан хүчин Японы
хүчинг дийлжээ. Энэ байлдааны үр дүнд ЗХУ нь Японтой төвийг сахих гэрээнд гарын
үсэг зуржээ. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн өдрүүдэд БНМАУ ЗХУ-тай хамт Японд
дайн зарласан байна. 1945 онд Иосиф Сталин, Чан Кайши нар Японы эсрэг
хоорондоо холбоо тогтоож, энэ үед Бүгд Найрамдах Хятад Улс нь
Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улс
байгуулагдахад 1949 оны 10 сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрчээ.
1952
оны 1 сарын 26-нд Хорлоогийн Чойбалсан Москва хотод
нас барахад Юмжаагийн Цэдэнбалд эрх мэдэл шилжив. Энэ
үеэс харьцангуй тайван байдал өрнөх болжээ. 1961 онд НҮБ-ийн
гишүүн болж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоох болжээ. Харин яг энэ
үед буюу 1960-аад оноос ЗХУ-БНХАУ хоорондын харилцаа таслагдаж Монгол нь
ЗХУ-тай нэг тал болжээ. Ингэснээр ЗХУ-ын нөлөө ихэссэн ч гэсэн Монголын эдийн
засаг эрчимтэй хөгжиж, бичиг үсэг мэдэх байдал ихэсчээ. 1984 онд Цэдэнбал
Москвад айлчилж байхад нь түүний өвчин Их Хурлыг шинэ удирдагч Жамбын
Батмөнхийг сонгоход хүргэжээ.
Ардчилал
1989
оны 12 сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо
байгуулагснаар ардчилах хөдөлгөөн эхэлжээ. Удалгүй Монголын Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Монголын Ногоон Нам, Монголын Чөлөөт Хөдөлмөрчдийн Нам гэсэн
ардчилсан намууд байгуулагджээ. 1990 оны 3 сарын 7-9-ны хооронд Монголын
Ардчилсан Холбооны гишүүд өлсгөлөн зарласнаар МАХН-ын Төв хорооны улс төрийн
товчоо огцорч нийгмийн улс төрийн тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны эхлэл
тавигджээ. 1990 оны 7 сард Монголын анхны ардчилсан сонгууль болж, ардчилал
тогтжээ. 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталжээ. 1993 оны 6 сарын 6-нд анхны шууд ерөнхийлөгчийн
сонгууль болжээ.

